Өөрчлөлтөөс Өрсөж Өөрсдөө Өөрчлөгдөе. /4Ө/

my classmate

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ


/шинэчилсэн найруулга/ 2006 оны 06 сарын 29 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Ерөнхий зүйл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль1, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь дор дурдсан аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах харилцааг зохицуулна:
3.1.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар;
3.1.2.удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж;
3.1.3.Монгол Улсад орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж, тэдгээрийн төлөөний газар.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“гадаад улсад олсон орлого” гэж албан татвар төлөгчийн гадаад улсад олсон, энэ хуулийн 7.3–т заасан үйл ажиллагаа, хөрөнгө, хөрөнгө борлуулсны орлогыг;
4.1.2.”бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг;
4.1.3.“үл хөдлөх эд хөрөнгө” гэж Иргэний хуулийн3 84.3, 86.2-т заасныг;
4.1.4.“биет бус хөрөнгө” гэж биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийнхөө эзэмшигчид эрх, давуу эрх, онцгой эрх олгож байгаа эдийн бус хөрөнгийг;
4.1.5.“аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани,нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг;
4.1.6.“суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;
4.1.7.”гадаад валютын ханшийн зөрүүгийн орлого/алдагдал/” гэж гадаад валют худалдах болон гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах зэрэг ажил, гүйлгээнээс үүссэн ханшийн зөрүүний ашиг/алдагдал/-ийг.
5 дугаар зүйл. Албан татвар төлөгч
5.1.Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна.
5.2.Энэ хуулийн 5.1-т заасан албан татвар төлөгчийг Монгол Улсад байнга байрладаг, байрладаггүй албан татвар төлөгч гэж ангилна.
5.3.Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна:
5.3.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж;
5.3.2.удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж.
5.4.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна:
5.4.1.төлөөний газраараа дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж;
5.4.2.энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсад орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж.
5.5.Энэ хуулийн 5.4.1-т заасан аж ахуйн нэгжийн аж ахуйн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн явуулж байгаа дараахь нэгжийг төлөөний газарт хамааруулна:
5.5.1.салбар/цех, тасаг/;
5.5.2.үйлдвэр;
5.5.3.худалдаа, үйлчилгээний газар;
5.5.4.газрын тос, байгалийн хийн цооног, түүнчлэн ашигт малтмал олборлож буй аливаа уурхай.
6 дугаар зүйл. Харилцан хамаарал бүхий этгээд
6.1.Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол “харилцан хамаарал бүхий этгээд“ гэж үзнэ:
6.1.1.энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг;
6.1.2.ногдол ашиг, ашгийн хуваарилалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй;
6.1.3.аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог.
ХОЁРДУГААР БҮЛЭГ Албан татвар ногдох орлого
7 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого
7.1.Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно.
7.2.Энэ хуулийн 5.4-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж олсон орлогод албан татвар ногдоно.
7.3.Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно:
7.3.1.үйл ажиллагааны орлого;
7.3.2.хөрөнгийн орлого;
7.3.3.хөрөнгө борлуулсны орлого.
7.4.Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг хасч тооцно.
7.5.Бараа, ажил, үйлчилгээ солилцсон тохиолдолд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгоно.
7.6.Гадаад валютаар олсон орлого, гарсан зардлыг төгрөгт шилжүүлэхдээ Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн ханшийг үндэслэнэ.
8 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого
8.1.Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:
8.1.1.үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуу-лалтын орлого;
8.1.2.эрх борлуулсны орлого;
8.1.3.хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого;
8.1.4.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого;
8.1.5.эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, эсхүл эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлого;
8.1.6.үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;
8.1.7.биет бус хөрөнгө борлуулсны орлого;
8.1.8.техникийн, удирдлагын, зөвлөх болон бусад үйлчилгээний орлого;
8.1.9.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, хохирлын нөхөн төлбөрийн орлого;
8.1.10. гадаад валютын ханшны зөрүүгийн бодит орлого;
8.1.11.энэ хуулийн 8.1.1-8.1.10-т заасантай адилтгах бусад орлого.
8.2.Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна.
8.3.Биет бус хөрөнгө борлуулсны орлогод энэ хуулийн 4.1.4-т заасан эдийн бус хөрөнгийг өмчлөх эрхээ бусдад хуульд заасан хэлбэрээр төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна.
9 дүгээр зүйл. Хөрөнгийн орлого
9.1.Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараахь орлогод албан татвар ногдоно:
9.1.1.хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого;
9.1.2.эрхийн шимтгэлийн орлого;
9.1.3.ногдол ашгийн орлого;
9.1.4.хүүгийн орлого .
9.2.Эрхийн шимтгэлийн орлогод дараахь төлбөр хамаарна:
9.2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай4 хуульд заасны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны төлбөр;
9.2.2.Патентын тухай5 хуульд заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар ашигласны төлбөр;
9.2.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай6 хуульд заасны дагуу барааны тэмдэг ашигласны төлбөр;
9.2.4.Технологи дамжуулах тухай7 хуульд заасны дагуу технологи дамжуулсны төлбөр;
9.2.5.үйлдвэр, худалдааны талаархи болон шинжлэх ухааны туршилттай холбогдсон мэдээллийг ашигласны төлбөр;
9.2.6.энэ хуулийн 9.2.1-9.2.5-д заасантай адилтгах бусад эрх ашигласны төлбөр.
9.3.Энэ хуулийн 9.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжээс ашиг хуваах, хувь хүртэх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна.
9.4.Энэ хуулийн 9.1.4-т заасан хүүгийн орлогод зээлийн хүү, харилцах дансны үлдэгдлийн хүү, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг/бонд/-ийн хүү зэрэг мөнгө ашиглуулсан болон ашиглуулах зориулалтаар хийгдсэн гүйлгээний үр дүнд албан татвар төлөгчид төлсөн төлбөр, үзүүлсэн хөнгөлөлт, урамшуулал хамаарна.
10 дугаар зүйл. Хөрөнгө борлуулсны орлого
10.1.Албан татвар төлөгчийн хөрөнгө борлуулсны дараахь орлогод албан татвар ногдоно:
10.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
10.1.2.хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого.
11 дүгээр зүйл. Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн бараа борлуулалт, ажил, үйлчилгээний албан татвар ногдуулах
орлогыг тодорхойлох
11.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно.
11.2.Энэ хуулийн 7.5, 11.1-д заасан жишиг үнэ хэрэглэх аргачлалыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал
12 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал
12.1.Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:
12.1.1.түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал;
12.1.2.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар ногдуулан төлсөн цалин, хөдөлмөрийн үндсэн ба нэмэгдэл хөлс;
12.1.3.эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл;
12.1.4.ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт;
12.1.5.үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл;
12.1.6.урсгал засварын зардал;
12.1.7.зээлийн хүү;
12.1.8.гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал;
12.1.9.бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс;
12.1.10.түрээсийн төлбөр;
12.1.11.санхүүгийн түрээсийн төлбөрийн хүү;
12.1.12.мэргэжлийн сонин, сэтгүүлийн захиалга;
12.1.13.заавал болон сайн дурын даатгалын хураамж;
12.1.14.төсөвт төлөхөөр тайлагнасан онцгой , үл хөдлөх эд хөрөнгийн болон зарим бүтээгдхүүний үнийн өсөлтийн албан татвар, үндсэн хөрөнгөөс бусад импортын бараа, материал, түүхий эдийн гаалийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж; /12.1.14 дэх заалтын “болон зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн” гэснийг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хассан ба түүнийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
12.1.15.хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны зээлийн эрсдэлийн санд, бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд төвлөрүүлсэн хөрөнгө;
12.1.16.банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө;
12.1.17.зар сурталчилгааны зардал;
12.1.18.мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын үйлдвэрлэл дээрх дадлага хийлгэхтэй холбогдон гарсан зардал. /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.1.19.албан томилолтын зардал;
12.1.20.үр бордоо, мал, амьтны тэжээл, эм тарилга, ургамал хамгааллын арга хэмжээнд зарцуулсан зардал;
12.1.21.тээврийн зардал;
12.1.22.бага үнэтэй, түргэн элэгдэх зүйлийн зардал; /Энэ заалтад 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.23.хөдөлмөр хамгааллын зардал;
12.1.24.холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал;
12.1.25.Гамшгаас хамгаалах тухай8 хуулийн 4.1.10-т заасан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал;
12.1.26.бараа, материалын хэвийн хорогдол;
12.1.27.Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8, 39.1.9-т заасны дагуу байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө;
12.1.28.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалтын орчныг бүрдүүлэх, дадлагын газрыг тоног төхөөрөмжөөр хангах, дадлагын байрыг засварласан зардал; /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.29.багш нарыг дадлагажуулсан зардал; /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.30.өөрийн захиалгаар мэргэжилтэн бэлтгүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг; /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.31.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд оруулсан хандив, хөрөнгө. /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.32. хувьцаа худалдаж авсан үнэ, эсхүл тухайн хувьцаанд ногдох эзэмшигчийн өмчийн хэсэг. /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.33.үйлдвэрлэл, технологийн паркийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах шугам сүлжээ, цэвэр усан хангамж, бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, харилцаа холбооны дэд бүтэц бий болгоход оруулсан хөрөнгө. /Энэ заалтыг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
12.1.34.тусгай зориулалтын компани болон орон сууцны санхүүжилтийн компаниас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэмшигчид шилжүүлсэн үнэт цаасны төлбөр болон хүүгийн төлбөр.
/Энэ заалтыг 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
12.1.35.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өгсөн хандив.
/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.2.Энэ хуулийн 12.1.6-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцно.
12.3.Энэ хуулийн 12.1.13-т заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох сайн дурын даатгалын хураамжийн нийлбэр дүн нь тухайн аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхээргүй байна.
12.4.Энэ хуулийн 12.1.16-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд банк, банк бус санхүүгийн байгууллагын хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан санд төвлөрүүлсэн хөрөнгө үл хамаарна.
12.5.Энэ хуулийн 12.1.19-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардлыг гүйцэтгэлээр тооцох бөгөөд хэмжээ нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг 2 дахин нэмэгдүүлснээс хэтрэхээргүй байна.
12.6.Энэ хуулийн 12.1.25-д заасан хохирлын хэмжээг холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно.
12.7.Энэ хуулийн 12.1.26-д заасан хорогдлын хэмжээг Засгийн газар батална.
12.8.Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана:
12.8.1.санхүүгийн түрээсийн төлбөр;
12.8.2.албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр.
12.9. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших болон шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан шимтгэлийн сан байгуулна. /Энэ хэсгийг 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
13 дугаар зүйл. Элэгдэл, хорогдлын шимтгэл тооцох
13.1.Албан татвар төлөгчийн 1 жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 12.1.5-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно.
13.2.Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараахь байдлаар байгуулна: 
    Үндсэн хөрөнгийн бүлэг Ашиглах хугацаа /жилээр/
1 Барилга, байгууламж 40
2 Машин, механизм, техник, тоног төхөөрөмж 10
3 Компьютер, түүний эд анги, программ хангамж   3
4 Ашиглах хугацаа нь тодорхойгүй биет бус хөрөнгө 10
5 Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/ Хүчин төгөлдөр байх хугацаанд  
6 Бусад үндсэн хөрөнгө   10
7 Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн   үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга, байгууламж 20  
8 Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага,  нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи үйлдвэрлэлийн зориулалттай машин, механизм, техник, тоног төхөөрөмж 3
/Дээрх 13.2 дахь хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар 7, 8 дахь заалтыг нэмсэн/
13.3.Энэ хуулийн 12.2-т заасан их засварын зардлыг уг хөрөнгийн үлдэгдэл өртөг дээр нэмж тооцох бөгөөд уг хөрөнгийг ашиглах үлдсэн хугацааны туршид элэгдэл хорогдлын шимтгэл тооцно.
13.4.Тухайн хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь албан татвар ногдох орлого олоход ашиглагдаж байвал элэгдэл, хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасна.
13.5.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийнхөө барьж байгуулсан үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцэд зарцуулсан үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг тэдгээр барилга, байгууламжийн ашиглагдах хугацаанд тогтмол хэмжээгээр тооцож жил бүр энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцно.
13.6.Энэ хуулийн 13.2–т заасан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн элэгдэл хорогдлын шимтгэл тооцох үнийг эдгээр зөвшөөрлийг эзэмших, шилжүүлэн авахтай холбогдон төлсөн үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөр, худалдан авсан үнийн дүнгээр тодорхойлно.
13.7.Албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна.
13.8.Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэсэн хөрөнгийг түрээслүүлэгч, түрээслэгч харилцан тохиролцож аль нэг талын санхүүгийн тайлан балансад бүртгэнэ.
13.9.Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй.
14 дүгээр зүйл. Албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд хамрах зээлийн хүү
14.1.Энэ хуулийн 8.1.1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
14.2.Албан татвар төлөгч аж ахуйн нэгжийг хяналтандаа байлгадаг Монгол Улсад байнга оршин суугч хувь хүнээс авсан зээлийн хүүгийн төлбөрийг тухайн албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд энэ зардлыг зээл олгосон тухайн хувь хүний ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.
14.3.Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна. /Энэ заалтад 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.4.Зээлийн хөрөнгөөр барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах хугацаанд уг зээлийн хүүд төлсөн төлбөрийг тухайн хөрөнгийн өртгийн хэсэгт оруулж тооцох бөгөөд түүнийг ашиглалтад оруулсан үеэс зээлийн хүүд төлсөн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
15 дугаар зүйл. Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт
15.1.Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй:
15.1.1.энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардал;
15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;
15.1.3.энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
16 дугаар зүйл. Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
16.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна.
16.2.Энэ хуулийн 8.1.1, 8.1.6-8.1.11, 9.1.1 болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хувьд 9.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
16.3.Дараахь орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно:
16.3.1.ногдол ашгийн орлого;
16.3.2.эрхийн шимтгэлийн орлого;
16.3.3.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
16.3.4.хүүгийн орлого;
16.3.5.эрх борлуулсны орлого;
16.3.6.эротик хэвлэл,ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлого;
16.4.Албан татвар төлөгчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж татан буугдсан бол ногдол ашгийн албан татвар ногдуулах орлогыг албан татвар төлөгчийн эзэмшиж байгаа хувьцаа болон хувь нийлүүлсэн хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилсан орлогын дүнгээс уг хувьцаа болон хөрөнгийг анх худалдан авсан үнийг хасч тодорхойлно.
16.5.Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах болон хадгаламж зээлийн хоршооны зээлийн эрсдлийн сангийн албан татвар ногдох орлогоос хасагдсан зээлийг эргүүлэн төлсөн бол ийнхүү төлөгдсөн зээлийн дүнд энэ хуульд заасны дагуу албан татвар ногдуулна.
16.6.Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан баримтаар нотлогдох зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
16.7.Даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн даатгалын үйл ажиллагааны нийт орлогоос тухайн жилд байгуулсан нөөцийн сан болон ажиллагааны зардлыг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
16.8.Хувьцаа, үнэт цаас борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг тэдгээрийг худалдсан үнээс худалдан авсан үнийг хасч тодорхойлно.
16.9.Хөдлөх эд хөрөнгө борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг уг хөрөнгийн борлуулалтын орлогоос хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасч тодорхойлно.
16.10.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч төлөөний газраараа дамжуулан үйл ажиллагаа явуулдаг бол түүний албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо дараахь зардлыг хасагдах зардалд тооцохгүй:
16.10.1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гарсан зардал;
16.10.2.тухайн орлогыг олоход хамааралгүй, удирдлагын болон захиргааны зардал.
ТАВДУГААР БҮЛЭГ Албан татварын хувь, хэмжээ
17 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ
.
17.1.Энэ хуулийн 16.2, 16.8, 16.9-д зааснаар тодорхойлоход 0-3,0 тэрбум төгрөгний албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3,0 тэрбум төгрөгнөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300,0 сая төгрөг дээр 3,0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.
17.2.Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:
17.2.1.ногдол ашгийн орлогод 10 хувиар;
17.2.2.эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;
17.2.3.энэ хуулийн 16.6-д зааснаар тодорхойлсон төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод 40 хувиар;
17.2.4.эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод 40 хувиар;
17.2.5.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар;
17.2.6.хүүгийн орлогод 10 хувиар;
17.2.7.эрх борлуулсны орлогод 30 хувиар;
17.2.8.гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20 хувиар;
17.2.9.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч Монгол Улсад олсон дараахь орлогод 20 хувиар:
а/Монгол Улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого;
б/зээлийн хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр;
в/эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого;
г/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх
18 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх
18.1.Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:
18.1.1.Засгийн газрын өрийн бичгийн /бонд/ хүү;
18.1.2.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон, энэ хуулийн 17.1, 17.2.1-т заасан орлого;
18.1.3.гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучлалын үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого;
18.1.4. 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдын 2/3 ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлого. /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.1.5.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан ногдол ашиг.
/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.2.Энэ хуулийн 18.1.2-т заасан албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон бөгөөд албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг гадаадад шилжүүлэх тохиолдолд мөн хуулийн 17.2.8-д заасан хувиар албан татвараас чөлөөлөгдөнө.
18.1.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого.
/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
18.3.Энэ хуулийн 18.1.6-д заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
19 дүгээр зүйл. Албан татвараас хөнгөлөх
19.1.Дор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө:
19.1.1.үр тариа, төмс, хүнсний ногоо;
19.1.2.сүү;
19.1.3.жимс жимсгэнэ;
19.1.4.тэжээлийн ургамал.
19.2./Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.3./Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.4./Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.5./Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.6./Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.7./Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.8.50-иас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
19.9.Аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэхдээ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу шийдвэрлэнэ.
19.10.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, иргэнээс хандивласан нэг сая хүртэлх хэмжээний төгрөгийг ийнхүү хандивласан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн татварын жилд уг аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно. /Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
20 дугаар зүйл.Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох
20.1.Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ.
20.2.Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна. /20.2 дахь хэсгийг 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20.3.Энэ хуулийн 20.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувь, бусад салбарын хувьд 50 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос тооцно. /20.3 дахь хэсгийг 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20.4.Энэ хуулийн 20.1-т заасан алдагдалд 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх татварын жилийн татварын тайлангаар гарсан алдагдал хамаарахгүй.
ДОЛООДУГААР БҮЛЭГ Албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах
21 дүгээр зүйл. Албан татвар төлөх, тайлагнах
21.1.Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө.
21.2.“Татварын жил “ гэдэгт орлого олж, холбогдох зардал гарсан хуанлийн жилийг ойлгоно.
21.3.Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хуваарийг үндэслэн харьяалах татварын алба тухайн татварын жилд төлөх албан татварын сар, улирлын хуваарийг албан татвар төлөгчид хүргүүлнэ.
21.4.Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.
21.5.Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.
21.6.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг суутгагч ногдуулан суутган авч, уг хөрөнгийг борлуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.
21.7.Суутгагч нь энэ хуулийн 21.5, 21.6-д зааснаар суутгасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор улирал бүр өссөн дүнгээр, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд тушаана.
21.8.Төр нь өмчдөө ногдох ашиг болон хувьцааны ногдол ашгийг бүрэн буюу хэсэгчлэн төсөвт дайчлах эрхтэй бөгөөд хэмжээг нь Засгийн газар тухай бүр тогтооно.
НАЙМДУГААР БҮЛЭГ Бусад
22 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
22.1.Энэ хууль 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.